Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.
Энэ удаагийн хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Зөвлөлийн дэд дарга удирдан явуулж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 79 хувьтай байгаа талаар, мөн кибер халдлага, зөрчлийн тайлан, кибер гэмт хэргийн талаар танилцуулж, хэлэлцүүлэв. Цаашид Мэдээлэл, харилцаа холбооны техник хэрэгсэл, программ хангамж, электроникийн үндэсний үйлдвэрлэл, инноваци, судалгаа шинжилгээний хөгжүүлэлтийг дэмжиж, технологийн хараат байдлыг бууруулах, ерөнхий боловсролын сургуульд “Кибер, мэдээллийн технологи”-ийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон.
Мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас эрхлэн гаргадаг “Олон улсын кибер аюулгүй байдлын индекс 2024” тайлангаар Монгол Улс 3-р шат буюу бэхжиж буй гэсэн түвшинд үнэлэгдэж, 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 17 байр урагшилсан үзүүлэлттэй байна. Энэхүү тайланд улс орнуудын кибер аюулгүй байдлын индексийг хууль эрх зүй, технологи, бүтэц зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 бүлгийн хүрээнд 83 асуулт, 20 үзүүлэлтээр тодорхойлсон. Монгол улс Кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүй болон бүтэц зохион байгуулалтын хувьд Азийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа бөгөөд цаашид кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, тусгай үүргийн CIRT-үүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдсан.
Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тогтоолоор, Кибер аюулгүй байдлыг хангах талаарх мэдээлэл солилцох хамтран ажиллах журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны хамтарсан тушаалаар баталснаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг дагалдан гарах 11 журам батлагдаж, кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдээлэл солилцох арга хэмжээний хүрээнд Олон улсын кибер аюулгүй байдлын байгууллага “FIRST”-д Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв 2024 онд тус тус гишүүнээр элсэн орсон. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага “OSCE”-н Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан сөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилт, арга хэмжээ (Cyber/ICT security CBMs)-ний хүрээнд ашиглаж буй Харилцаа холбооны сүлжээ (Communication network)-нд Монгол Улс нэгдэн оржээ.
Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ЖАЙКА-тай хамтран 2022-2024 ондуудад төрийн байгууллагын 624 албан хаагч, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын 211 албан хаагч, Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төрийн болон олон нийтийн байгууллагын 100 гаруй албан хаагчийг кибер аюулгүй байдлын мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн кибер аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж 50 гаруй сургагч багшийг бэлтгээд байна.
Хүний хувийн мэдээлэл алдагдаж хакеруудын хар зах дээр зарагдаж байна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан кибер халдлага, зөрчилд дүн шинжилгээ хийх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий байгууллагуудын мэдээллийн системд шалгалт хийсэн тайлан, зөвлөмжтэй танилцахад шинээр ийм нөхцөл байдал илрээгүй байна. Цаашид кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хаалттай горимоор хуралдаж, холбогдох тогтоол, зөвлөмжийг гаргахаар шийдвэрлэлээ.
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА